СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖИМ
1957 оны Соёлын яамны тушаалаар Улсын яруу тунгалаг найрал хөгжим нэртэйгээр байгуулагдаж, анхны удирдаачаар Улсын гавъяат жүжигчин Ц.Намсрайжав, туслах удирдаачаар Г.Бирваа нар ажиллаж байсан. 1958 оны 2-р сарын 25-нд анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан Симфони найрал хөгжим нь Монголын болон дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлийг үзэгч олны хүртээл болгохын зэрэгцээ Монголын телевиз, радиогийн сан хөмрөгт бичүүлсэн олон төрлийн нэвтрүүлгийн чимэг хөгжим, Монгол кино үйлдвэрийн бүтээсэн баримтат болон уран сайхны олон арван киноны хөгжим зэрэг бүтээл, туурвил нь улс орны нийгэм соёлын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Симфони найрал хөгжим нь сонгодог хөгжмийг сурталчилах, бүх нийтийн хөгжмийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуус, ирээдүйн үзэгчиддээ хөгжмийн тайлбарт цуврал лекц концертуудыг хот, аймаг, сум, суурин газруудад зохион байгуулж үзэгч, сонсогчдод толилуулж байна.
Симфони найрал хөгжмийн бүтэц, бүрэлдэхүүн
Симфони найрал хөгжмийн удирдаачаар соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш, Б.Батбаатар, Б.Анар нар ажиллаж байгаа бөгөөд дээд мэргэжлийн 80 гаруй хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй өрнийн хөгжмийн зэмсгүүд багтдаг, бүрэлдэхүүний хувьд улсдаа хамгийн том симфони найрал хөгжим юм.
Урын сан
Анхны тоглолтоо удирдаач Ц.Намсрайжав, Г.Бирваа нарын удирдлагаар хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун болон дэлхийн сонгодог хөгжмийн нэрт төлөөлөгч, зохиолч Л.Бетховен, Ж.Бизе нарын бүтээлүүдийг Улсын Хөгжимт Драмын тайзнаа анх эгшиглүүлж Монгол улсад сонгодог хөгжим үүсэж, хөгжихийн эхлэл байлаа. Дэлхийн сонгодог хөгжмийн үе үеийн чиглэл урсгалуудын гол төлөөлөгчид болох В.А. Моцарт, И.Гайдн, Ф.Шуберт, Б.Сметан, Ф.Лист, Дж.Верди, Вебер, Э.Григ, Странвинский, М.Равел, К.Дебюссий, Дж.Гершвин, А.Дворжак эцэг хүү И.Штраус, Р.Вагнер, А.Брукнер, Р.Штраус болон С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, Э.Чойдог, Ч.Жамсранжав, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Х.Билэгжаргал, Б.Шарав, Г.Алтанхуяг, З.Хангал, Ч.Сангидорж, С.Сансаргэрэлтэх, Ш.Өлзийбаяр, Б.Мөнхболд, Б.Бямбабаяр зэрэг дэлхийн болон Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын дан болон симфони бүтээл, дууны уран бүтээлүүдээр урын сангаа баяжуулан хөгжимдсөөр байна. Радио телевизийн алтан фондын бичлэгүүд, Монгол кино нэгтгэлийн баримтат болон уран сайхны киноны бүх хөгжмүүд тус найрал хөгжмийн урын сангийн чухал нэгэн хэсэг билээ.
Симфони найрал хөгжмийн шагнал
2003 оны “Алтан Намар” хөгжмийн наадмын цом, 2007 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хүндэт Жуух Бичиг, шилдэг уран бүтээлийн “Гоо Марал” наадмын шагнал, шилдэг хөгжимчдийн Virtuoso наадмын шагналууд, Монгол Улсын оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн Мод”-ын хоёр удаагийн шагнал зэрэг олон шагнал хүртсэн.
Аялан тоглолт
1963 онд симфони найрал хөгжим анх удаа хилийн чанадад гарч Бээжин, Шанхай хотуудад тоглолт хийж Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд болон Хо-Чжен-Хау, Чен Кан нарын “Хос Эрвээхэй” зохиолыг хийлч УГЖ Д.Цэрэндолгор тоглож толилуулж байсан нь тухайн орны хөгжим судлаач, уг зохиолыг бичсэн зохиолчын зүгээс өндөр үнэлгээ авч, Бээжин хотын радиогийн алтан фондод үлдээсэн түүхтэй. Тус оноос ЗХУ-ын Новосибирск, Иркутск, Улан-Үдэ, БНАСУ, Япон, БНСУ, БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот зэрэг хотуудад тоглолт хийж байсан.
Цомог
Симфони найрал хөгжим нь Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын “Халуун элгэн нутаг”, Beethoven symphony No.9, Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Профессор Н.Бүтэнбаярын “Сонгодог симфони хөгжмийн дээжис”, “Монгол Улсын Филармони”, “Гэгээн эгшиглэн нэгэн жаранд” баримтат кино зэрэг хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн цомгуудын хөгжмийн бичлэгт оролцож хэвлүүлсэн.