МОРИН ХУУРЫН ЧУУЛГА
2022-10-26

МОРИН ХУУРЫН ЧУУЛГА

Монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх зорилгоор Монгол улсын ардын жүжигчин Ц.Батчулууны санаачлагаар 1992 онд байгуулагдсан. Морин хуурын чуулга нь дэлхийн болон Монголын хөгжмийн зэмсгүүдэд тулгуурлан, эх орондоо төдийгүй тив дэлхийд үндэсний урлагаа сурталчилан таниулж буй өвөрмөц дуугаралт, өнгө аястай найрал хөгжим юм. 1994 оны 05-р сарын 25-ны Монгол улсын засгийн газрын 98-р тогтоолоор Улсын Филармонийн бүтэц бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.

Морин хуурын чуулгын бүтэц, бүрэлдэхүүн

Морин хуурын чуулгын удирдаачаар соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан ажиллаж байгаа бөгөөд чуулгын бүрэлдэхүүнд үндэсний уламжлалт (морин хуур, ёочин, ятга, их хуур), өрнийн сонгодог (төгөлдөр хуур, флейт, дунд хуур, цохивор) хөгжмийн зэмсгүүд багтдаг.

Чуулгын бүрэлдэхүүнд “Чөлүгэн” морин хуурын дөрвөл, “Хулан” хамтлаг, Ятгын дөрвөл, “Арга билэг” этно жазз хамтлагууд өөр өөрийн өнгө аясыг илэрхийлэн бүтээн туурвиж байна. Морин хуурын чуулга мэргэжлийн дээд боловсролтой /бакалавр, магистр/ 30 гаруй уран бүтээлчдээс бүрддэг бөгөөд тэдний нилээд нь олон улсын болон Монгол улсад зохиогддог мэргэжлийн хөгжимчдийн уралдаануудад амжилттай оролцож шагнал хүртсэн.

Урын сан

Морин хуурын чуулгын дуурьсгал, эгшиглэгээ нь дорно өрнийн болон орчин цагийн шинэ хөгжмийн бүтээлүүдийг хөгжимдөхөд тохиромжтой бөгөөд дуунаас дуурь, бие биелэгээнээс бүжгийн жүжиг, уламжлалт морин хуурын татлагаас гоцлол, сонат, концерт, симфоннета зэрэг том хэмжээний бүтээлүүдийг хөгжимдөхийн зэрэгцээ, тайз дэлгэцийн болон баримтат, уран сайхны кино, теле кино, жүжгийн хөгжмийн бүтээлийн урын сантай.

Морин хуурын чуулгын шагнал

2005 онд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, 1999 онд Ж.Бизе-Р. Щедрин-Н.Жанцанноров “Кармен” бүжгийн жүжгийн хөгжмөөр бүх урлагийн дээд “Гоо Марал” шагнал, 2010 онд Монголын урлагийг дэлхийд сурталчилсан шилдэг байгууллагаар “Гоо Марал” шагнал, 2004 онд ятгын дөрвөл ардын цөөхүүл хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны Тэргүүн байрын шагнал, 2004 онд Зууны мэдээ сонины санал асуулгаар шалгарсан “Монголын Бахархал” өргөмжлөл, 2012 онд Өдрийн шуудан сонины санал асуулгаар шалгарсан “Дэлхий Монгол” өргөмжлөл, 2004 онд “Дэлхийн соёлын нээлттэй их наадам”-ын хөгжмийн төрөлд Гран-При шагнал /БНСУ/, 2009 онд Хулан хамтлаг Ritmie Danze Dal Mondo зэрэг олон шагнал хүртсэн.

Аялан тоглолт

АНУ Нью Йоркийн “Карнеги Холл” НҮБ-ийн танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын Филармони, ОХУ-ын “Musicverien”, Швейцарын НҮБ-ын танхим, ХБНГУ-ын Берлины Филармони, ОХУ-ын Москва хотын “Их театр”, БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний их театр, Японы Suntory Hall, Across Orchard Hall, Osaka Symphony Hall, Sapporro Symphony Hall, Yokohama Cultural Center, БНСУ-ын Үндэсний театр, Тайваны Чин ка Шигийн Memorial Hall, Итали, Канад, Турк, Хонг Конг-ын Hong Kong city hall, Sha Tin town city hall, БНСАУ зэрэг дэлхийн 20 улсад нийт 84 удаа 250 гаруй хотуудаар 650 гаруй тоглолтыг хийсэн.

Цомог

Морин хуурын чуулга нь “Best-1.2”, “Playing Love-1, 2”, Ардын дууны “Торгоны Хээ”, Улсын Филармоний “Монгол Улсын Филармони” цомог, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн 30 гаруй цомгийн хөгжмийг бичүүлж хэвлүүлсэн.